Нэгэн менежеp компанидаа шинэ хүн элсүүлэх болоод зарлал тавьсны үр дүнд 500 шахам хүсэлт, өргөдөл иржээ. Тэр олон бичиг баримтыг бүгдийг нь цуглуулж байгаад талыг нь унших ч үгүй хогийн сав руу хийв. Түүнийг хараад гайхсан компанийн ажилтан учрыг асуутал менежеp ‘Манай компанид азгүй хүмүүс хэрэггүй’ гэж хэлсэн гэнэ. Энэ бол хэдийгээр онигоо ч гэсэн бас цаанаа учиртай юм.

Өрсөлдөөн ихтэй энэ үед нэг ажлын байран дээр маш олон хүн өрсөлддөг. Шинээр ажилтан шалгаруулж байгаа хүн зөвхөн resume дээр үндэслэж дараагийн шатны шалгаруулалтанд оруулах эсэхээ шийддэг гэхэд буруутахгуй байх. Resume гэж юу вэ? Өөрийнхөө боловсрол, мэргэжил, ажлын туршлага, шагнал урамшил, идэвхи, ур чадварийн товч хураангуй гэж хэлж болно. Харин resume дээр цээж зураг, нас хүйс, шашин шүтлэг гэх мэт хувийн чанартай мэдээллийг бичихгүй байхыг зөвлөе. 15-20 жилийн ажлын асар их туршлагатай биш л бол resume-г 1 нүүрэнд багтааж бичих хэрэгтэй. Хэрхэн resume бичих талаар дэлгэрэнгүй мэдээллийг интернэтээс хайгаад үзэж болно биз ээ.

Ямар ажилд өргөдөл гаргаж байгаагаас шалтгаалж ямар зүйл бичих нь өөр байдаг. Жишээ нь компьютер, теxнологийн компанид өргөдөл гаргаж байгаа бол 1-р күрсдээ сургууль дээрээ компьютер засаж байсан тухайгаа бичиж болно. Харин энэ тохиолдолд номын санд ажилласан тухайгаа бичих шаардлагагүй биз ээ. Дөнгөж сургуулиа төгссөн залуучууд ажилд орох гэтэл resume дээрээ ажлын туршлагатай холбоотой бичих юм олдохгүй байх бэршээл цөөнгүй байдаг. Тиймд сургуульд сурж байх хугацаандаа судалгааны ажил, зуны цагт дадлага хийх зэрэг идэвхтэй байх хэрэгтэй. Эдгээр хийсэн зүйл бага гэлтгүй resume дээр бичвэл их хэрэг болдог.

Би MIT-ийн 1-р күрс-д байхдаа нэг лабораторид судалгааны ажил хийж байсан юм. Одоо бодоход судалгааны ажил гэхээсээ илүү лабораторийн жижиг сажиг л юмыг хийж байсан боловч тэр нь намайг 2-р күрсээ төгссөнийхээ зун Японы SECOM компанид дадлагын оюутнаар ороход их хэрэг болсон юм. Улмаар SECOM-д ажилласан нь дараагийн зун нь Бээжин дахь Microsoft-ийн салбарт дадлагын оюутнаар ороход ч мөн хэрэг болсон юм. Гэх мэт ажлыг, ялангуяа өөрийнхөө сурж байгаа мэргэжилтэй холбоотой ажлийг жижиг гэлтгүй эртнээс сонирхож судлаад, хийж байх хэрэгтэй.

-Мэргэн

 

Нийтлэлийн эх хувилбарыг дараах холбоосоор авж болно:

http://complexityofsemantics.wordpress.com/2011/11/20/resume-%D0%B3%D1%8D%D0%B6-%D1%8E%D1%83-%D0%B2%D1%8D/

Нийтлэл таалагдсан бол бусадтай хуваалцаарай!

Comments

Post a comment

Your email address will not be published. Required fields are marked *

*

©2012 Америк дахь Монгол Оюутны Холбоо

Нийтлэл таалагдсан бол бусадтай хуваалцаарай!