Америкийн шилдэг их дээд сургуулиуд Монгол оюутнуудыг авч эхэллээ!

by

           800 жилийн тэртээ Монгол морины туурайн мөр үлдээгүй газар тун багахан байсан бол өдгөө харин Монгол хүмүүсийн оюуны мэлмий хараахан хүрч амжаагүй дэлхийн шилдэг сургуулиудын тоо асар их байсаар байгаа нь нууц биш юм. Тухайлбал бидний их л өрөвдөнгүй ярьдаг Африкийн орнуудаас Америкийн шилдэг их дээд сургуулиудад суралцах оюутны тоо Монгол оюутны тооноос хэд дахин илүү байдаг гэдэг бараг л хилсдэхгүй хэрэг.

Read More

Америкийн шилдэг дээд сургуулиудад apply хийх буюу элсэх өргөдлөө явуулах нь; Үндсэн мэдэгдэхүүн

by
Harvard Yard-ийн ойролцоох оюутны байрнууд

Harvard Yard-ын ойролцоох оюутны байрнууд

 Энэхүү нийтлэлийг Америкт сурна гээд шийдчихсэн юм уу сурах талаар эргэцүүлэн бодож байгаа боловч яаж сургуульдаа орохоо сайн мэдэхгүй байгаа хүмүүст зориулж байна. Америкийн сургуулиудын элсэлтийн талаар, мөн тэтгэлэг хэрхэн олох тухай ерөнхий ойлголттой болох гэсэн хэн бүхэнд ч бас сонирхолтой байх байх аа.

   Америк дахь сургуулиудын элсэлтийн гол онцлог нь хүүхдүүдээ сонгон авах шалгаруулалтых нь бүхэлчилсэн (holistic) шинж чанарт оршино. Энэ нь шалгаруулалтанд аливаа нэг үзүүлэлт – тестийн  оноо, дүн, хичээлээс гадуурх үйл ажиллагаа, ярицлага г.м. – дангаараа хүүхдийг элсүүлэх эсэхийг шийддэггүй, харин бүх үзүүлэлтүүд нэгдэж байгаад хүүхдийн хувь заяаг тодорхойлдог гэсэн үг юм. Тэгэхээр дан ганц “тасархай” тестийн оноо юм уу, сургуульдаа авч байсан онцууд шилдэг сургуульд ороход хангалтгүй байх нь ээ.
  Үүнээс гадна, Америкийн их дээд сургуулиуд гадаад дотоодын хүүхдүүдэд сурагчийн санхүүгийн байдлаас хамааран тэтгэлэг өгдгөөрөө бусад орнуудын сургуулиудаас ялгаатай. Гадаадын сурагчдад тэтгэлэг олдох нь дотоодын хүүхдүүдэд олдохоос хавигүй хэцүү боловч үнэхээр чадалтай, сайн хүүхдэд бол мөнгөний асуудал бараг огт гарахгүй гэж хэлж болно. Жишээлбэл Америкийн хэд хэдэн сургуульд жилийн 60 000$-оос бага өрхийн орлоготой айлын хүүхэд тэнцчих л юм бол бүх зардлыг нь (сургалтын төлбөр, байр хоолны мөнгө, онгоцны билетний үнэ) сургууль нь даадаг жишиг бий. Цөөнгүй Монгол сурагчид ийнхүү тэтгэлэг аваад Америкт сурч байна.
 Одоо сургуулиуд голчлон ямар үзүүлэлтүүд дээр тулгуурлан элсүүлэх хүүхдүүдээ сонгодгийг тайлбарлаад тэтгэлэг хэрхэн олох талаар бичих болно.

  • Шалгалтууд
   Элсэлтийн процессд эзлэх жингээр нь хувьчилбал ойролцоогоор 30-40% болно. Монголчууд бидний эртний танил, TOEFL, IELTS-ийн шалгалууд нь Америкийн “энгийн” дээд сургуулиудад төдий их тэтгэлэг авалгүйгээр ороход хангалттай боловч шилдэг сургуулиудад, их хэмжээний тэтгэлэг аваад оръё гэвэл SAT Reasoning Test (эсвэл ACT) гэх шалгалтыг бас өгөх хэрэг гарна. Энэ нь TOEFL-ийн (эсвэл IELTS) шалгалт зөвхөн хэлний мэдлэгийг л шалгадагтай холбоотой. iBT TOEFL дээрх 100 оноо нь тухайн хүнийг Англи хэлэндээ сайн гэдгийг л харуулна уу гэхээс өөр мэдээлэл өгч чаддаггүй. Харин SAT нь тоо бодох, сэтгэх чадварыг шалгаад сургуулиудад өргөдөл гаргагчийн, нэг ёсондоо, оюуны “потенциал”-ыг харуулдаг. Тиймээс TOEFL дээр сургуулийнх нь шаардаж байгаа босго оноонд хүрчихэд л хангалттай байдаг бол, SAT дээр аль болохоор л өндөр оноо авах хэрэгтэй байна. Энэ хоёр шалгалтаас гадна бас зарим сургуулиуд SAT Subject Test буюу хичээлээ сонгоод өгдөг SAT шалгалт өгөхийг шаардана. Энд нь 20 төрлийн хичээлийн Subject Test-ээс 2-ийг нь сонгоод сайн өгчихөд хангалттай.
  • Эсээ
   Элсэлтийн процесст эзлэх жингээрээ шалгалтуудтай бараг эн тэнцүү. Шалгалтууд нь хүүхдийг тоон “механик” утгаар илэрхийлдэг бол эсээ нь хүүхдийн өргөдөлд “амь оруулж” түүнийг бусад хүүхдүүдээс ялгаж өгөх гол зүйл нь болно. Бусад хүүхдүүдээс онцгойрч харагдах нь нийт 30 000 гаруй өргөдөл гаргагчдаас 6%-ийг нь л сонгож авдаг Харвард шиг сургуульд тун чухал. Эс тэгвээс өргөдөл чинь өндөр оноотой арваад мянган хүүхдүүдийн өргөдөл дунд замхраад л мартагдчихна. Хэрвээ шалгалтын чинь оноонууд бас төдийлөн сайн биш байгаа бол сонирхолтой бөгөөд өвөрмөц эсээгээр оноогоо “нөхчих” боломжтой.
  • Дүн, багш нарын тодорхойлолт, хичээлээс гадуурх үйл ажиллагаанд оролцсон байдал, тэмцээн уралдаан г.м.

Үлдсэн 30-40% нь ерөнхийдөө дээр дурьдсан зүйлсээс хамаарна. Дүнгүүд 9-11-р ангид C-гүй, ихэвчлэн A байхад болоод явчихна.

  Багш нараас авах тодорхойлолтууд нь Монголд бичээд заншсан тодорхойлолт шиг (“Болд нь Улаанбаатар хотод 1992 онд төрж, 4-н настайдаа цэцэрлэгт орсон … Болд манай тэргүүний сурагч …”) байж болохгүй! Аль болох чамайг хувь хүн талаас нь ямар вэ гэдгийг харуулсан, өргөдлийн чинь өөр газар байхгүй, зөвхөн багш хүний орж харах зүйлсийг бичвэл тодорхойлолтын хэрэг сая нэг гарна.
   Мөн коллежүүд, хичээлээ хийгээд байхаас гадна нийгмийн идэвхтэй, удирдагч, дугуйлангаар өөрийгөө байнга хөгжүүлж байдаг, эсвэл спортоор хичээллэдэг хүүхдүүдэд дуртай. Энэ нь нэлээд чухал бөгөөд зөвхөн хичээлээ хийгээд суудаг хүүхдийн сургуульд орох магадлал эрс буурна.
   Мэдээж төрөл бүрийн тэмцээн уралдаанд байр эзэлж байсан бол тэр чинь тус болно. Тэмцээн нь улсын, эсвэл олон улсын хэмжэнийх бол бүр сайн.
    Эдгээрээс гадна өөр ямар ч зүйлийг өөрийгөө илүү таниулахын тулд ашиглаж болно. Төсөл зохиосон байх, ажил хийдэг байх, өвөрмөц хоббитой байх гээд л зөндөө зүйлээр өөрийгөө бусдаас онцгойруулах боломжтой.
  • Тэтгэлэг
   Америкт элсэж ороход хамгийн хэцүү сургуулиуд нь хамгийн баян байдаг болохоор их тэтгэлэг өгдөг бол, элсэж ороход илүү амар сургуулиуд нь тэтгэлэг өгөх бололцоо багатай байдаг. Тэгэхээр ерөнхийдөө тэтгэлэг олоход хэцүү гэж хэлж болно. Гэхдээ хичээвэл боломж мэдээж зөндөө бий.
   Мөн урьд дурьдсанчлан тэтгэлгийн хэмжээг тогтоохдоо ихэнхдээ дүн, шалгалтын оноог биш өрхийн орлогыг харгалзана. Жилийн 200 000$-оос дээш орлоготой айлын хүүхдэд тэтгэлэг бараг өгөхгүй бол 60 000$-аас доош орлоготой айлын сурагчид бол бүх зардлыг нь төлөөд өгчихнө.
  Гэхдээ энэ нь элсэгчдийнхээ мөнгөний бүх хэрэгцээг хангана гэсэн (100% of need met) сургуулиудад л зөвхөн хамаатай. Ийм сургуулиуд Америкт нэлээд олон байна.
   Үүний дээр бас Need-blind болон Need-aware гэсэн тодотголтой сургуулиуд байна. Need-aware сургууль нь тухайн сурагч хэр их мөнгө төлж чадахыг нь харгалзаж үзсэний үндсэн дээр сурагчийг элсүүлэх эсэх шийдвэрээ гаргадаг бол Need-blind сургуульд тухайн сурагч хэр их мөнгө төлж чадах нь сонин биш байдаг бөгөөд аль болохоор хамгийн шилдэг хүүхдүүдийг л сонгож авахыг боддог. Харамсалтай нь, гадаад хүүхдүүдэд Need-blind байдаг хэдхэн л сургууль байгаа ба тэдгээр нь Америкт элсэн ороход хамгийн хэцүү сургуулиудын тоонд орно.
   Энэ нийтлэлд бас элсэлтийн процесс жил бүрийн 9-р сарын үеээс эхлээд 12-р сарын төгсгөл хүртэл явагддагийг хэлэх хэрэгтэй байх. Энэ хэдэн сарын туршид өргөдлөө бөглөөд дуусгачихвал сургуулиуд руугаа явуулчихаж болно. Харин тэтгэлэгт (financial aid) хамрагдах өргөдлөө ихэнх сургуулиуд 2-р сар болтол хүлээн авдаг.
   За, ингээд ер нь Америкийн сургуулиуд руу элсэн орох талаар ерөнхий ойлголттой болсон байх гэж найдаж байна. Цаашид энэ нийтлэлд дурьдагдсан зөндөө сэдвээр дэлгэрэнгүй бичих байх. Тэр болтол асуух зүйл байвал сэтгэгдэл үлдээх хэсэгт асуултаа үлдээчихэж болно шүү.
-У.Билгүүн
Нийтлэлийн эх хувилбарыг :

Resume гэж юу вэ?

by

 

Нэгэн менежеp компанидаа шинэ хүн элсүүлэх болоод зарлал тавьсны үр дүнд 500 шахам хүсэлт, өргөдөл иржээ. Тэр олон бичиг баримтыг бүгдийг нь цуглуулж байгаад талыг нь унших ч үгүй хогийн сав руу хийв. Түүнийг хараад гайхсан компанийн ажилтан учрыг асуутал менежеp ‘Манай компанид азгүй хүмүүс хэрэггүй’ гэж хэлсэн гэнэ. Энэ бол хэдийгээр онигоо ч гэсэн бас цаанаа учиртай юм.

Өрсөлдөөн ихтэй энэ үед нэг ажлын байран дээр маш олон хүн өрсөлддөг. Шинээр ажилтан шалгаруулж байгаа хүн зөвхөн resume дээр үндэслэж дараагийн шатны шалгаруулалтанд оруулах эсэхээ шийддэг гэхэд буруутахгуй байх. Resume гэж юу вэ? Өөрийнхөө боловсрол, мэргэжил, ажлын туршлага, шагнал урамшил, идэвхи, ур чадварийн товч хураангуй гэж хэлж болно. Харин resume дээр цээж зураг, нас хүйс, шашин шүтлэг гэх мэт хувийн чанартай мэдээллийг бичихгүй байхыг зөвлөе. 15-20 жилийн ажлын асар их туршлагатай биш л бол resume-г 1 нүүрэнд багтааж бичих хэрэгтэй. Хэрхэн resume бичих талаар дэлгэрэнгүй мэдээллийг интернэтээс хайгаад үзэж болно биз ээ.

Ямар ажилд өргөдөл гаргаж байгаагаас шалтгаалж ямар зүйл бичих нь өөр байдаг. Жишээ нь компьютер, теxнологийн компанид өргөдөл гаргаж байгаа бол 1-р күрсдээ сургууль дээрээ компьютер засаж байсан тухайгаа бичиж болно. Харин энэ тохиолдолд номын санд ажилласан тухайгаа бичих шаардлагагүй биз ээ. Дөнгөж сургуулиа төгссөн залуучууд ажилд орох гэтэл resume дээрээ ажлын туршлагатай холбоотой бичих юм олдохгүй байх бэршээл цөөнгүй байдаг. Тиймд сургуульд сурж байх хугацаандаа судалгааны ажил, зуны цагт дадлага хийх зэрэг идэвхтэй байх хэрэгтэй. Эдгээр хийсэн зүйл бага гэлтгүй resume дээр бичвэл их хэрэг болдог.

Би MIT-ийн 1-р күрс-д байхдаа нэг лабораторид судалгааны ажил хийж байсан юм. Одоо бодоход судалгааны ажил гэхээсээ илүү лабораторийн жижиг сажиг л юмыг хийж байсан боловч тэр нь намайг 2-р күрсээ төгссөнийхээ зун Японы SECOM компанид дадлагын оюутнаар ороход их хэрэг болсон юм. Улмаар SECOM-д ажилласан нь дараагийн зун нь Бээжин дахь Microsoft-ийн салбарт дадлагын оюутнаар ороход ч мөн хэрэг болсон юм. Гэх мэт ажлыг, ялангуяа өөрийнхөө сурж байгаа мэргэжилтэй холбоотой ажлийг жижиг гэлтгүй эртнээс сонирхож судлаад, хийж байх хэрэгтэй.

-Мэргэн

 

Нийтлэлийн эх хувилбарыг дараах холбоосоор авж болно:

http://complexityofsemantics.wordpress.com/2011/11/20/resume-%D0%B3%D1%8D%D0%B6-%D1%8E%D1%83-%D0%B2%D1%8D/

©2012 Америк дахь Монгол Оюутны Холбоо