BUOP 2012 хөтөлбөрт тэтгэлэгт хамрагдсан сурагчид

by

Г. Чинбат  / Course for application process /

КТМС 2р курсын оюутан.

Энэ бол зам заагч яг л луужин шиг магадгүй бүр илүү яг л GPS шиг, Америкийн шилдэг их дээд сургуулиуд бидний зогсож байгаа цэгээс хэр хол байгааг харуулахын зэрэгцээ ямар ямар уул толгод тааралдах уу, тэднийг хаагуур нь яаж давж гарвал зүгээр вэ гэдгийг өөрсдийн болон бусад энэ хүү амжилтанд хүрсэн оюутан залуусын бодит туршлагаас үндэслэн зааж таниулж өгдөгөөс гадна тэдгээр оюутнууд нь өөрсдөө хүрэлцэн ирж суралцагчидтай туршлагаа хуваалцдаг.

 Миний хувьд BUOP хөтөлбөрийг  facebook ээ шалгаж байхдаа мэдсэн. Хэрвээ тэр үед тэтгэлэг зарлагдаагүй мөн хугацаа нь надад л зориулагдсан юм шиг нэг өдрөөр хойшлогдоогүй байсан бол би ийшээ зүглэхчгүй байсан байх. Яг 2 жилийн өмнө л сохроор ч гэсэн хамаагүй эхний алхамыг нь хийх ёстой байсан, миний зүрх сэтгэлийг хийсвэрээр ч гэсэн эзэмдээд байсан тэр хүсэл мөрөөдлөө хий хоосон зүйл болгохоор төөрчихөөд хаа хамаагүй үсчээд явж байсан намайг энэ хөтөлбөрийн зарлал, тэр Америкт сурч буй залуусын бахдмаар мэдээлэл мөрөөдлөө орхиж болохгүйг сануулах мэт л өөрлүүгээ далалсан.

Энэ сургалтнаас их зүйл сурсан төдийгүй боломжгүй гэж боддог байсан зүйлээ хэр боломжтой болохыг олж харах болсондоо их баяртай байна.  BUOP хөтөлбөрийн багш зохион байгуулагч нар нь сурагч нартаа энэ замыг таниулахаас гадна маш их урам зориг хайрлаж байсанд нь талархаж байна.

  Золбоо     /SAT Reasoning Test -Critical Reading /

  Mongolian International  University 2 р курсын оюутан

 

Энэ намар Америкийн их дээд сургуулиудад бүртгүүлэхээр зэхэн, шалгалтууддаа бэлдэж байна. Анх BUOP болон АНУ д яаж суралцах талаар одоогоор Харвардын их сургуульд суралцаж буй Билгүүний блог дээрээс мэдэж билээ. Тэр цагаас л миний АНУ д суралцахыг хүсэх томоохон зорилгын маань эхлэл тавигдсан. BUOP хөтөлбөрийн SAT Reasoning Test - Critical Reading ангид тэтгэлэг аван суралцсан ба түүнээс гадна өөрийн сонирхолын дагуу өөр гурван хичээлд давхар суусан. Хөтөлбөрт хамрагдахын өмнө шалгалтууддаа хаанаас нь эхэлж хэрхэн бэлдэх вэ, Америкт суралцах боломж хэр байна вэ гээд л олон асуултуудтай тулгарч гарлаа. Харин энэхүү хөтөлбөрт хамрагдсанаараа энэ бүх асуултынхаа хариуг олсон. BUOP ийн хамгийн их урам өгсөн хэсэг нь багш оюутнуудын долоо хоног бүрийн лекцүүд байлаа. Мөн энд багшилж буй бүх оюутнууд маань аль хэдийнээ бидэн шиг энэ давааг туулчихсан, одоо АНУ д суралцаж буй оюутнууд байдаг учир ямар ч асуулттай тулгарахад бүгдэд нь өөрсдийн туршлагаараа тусалж, хамгийн шилдэг дотны зөвлөгч нь болж чаддаг. Хамгийн гол нь энэхүү сургалаас олж авсан хамгийн том зүйл бол хүн аливаа зүйлийг хэдий чинээ хүсэж, түүндээ хүрэхийн төлөө тэмцэнэ, тэр чинээгээрээ бидний хичээл зүтгэл амжилт болон ирдэг юм байна гэдгийг ойлголоо.

А. Хонгорзул  / SAT Subject Test – Chemistry /

ЭМШИУС-ийн 2 р курсын оюутан

Анх BUOP хөтөлбөрийн талаар AMSA ийн вэбсайтнаас харчихаад шууд л явахыг хүсэж билээ. Яагаад гэвэл гадаадад сурна гэдэг тэр дундаа Америкт сурна гэдэг миний төдийгүй миний үеийн маш олон хүүхдүүдийн хүсэл мөрөөдөл.

Энэ сургалтанд суух хүсэлтэй байгаагаа ээждээ хэлтэл эхлээд зөвшөөрсөн боловч намайг дундуур нь 10 хоног хичээлдээ сууж чадахгүйгээ мэдээд (Би 7.8-17 ны хооронд Филлиппинд болсон Азийн Анагаахын Оюутны 33-р хуралд оролцсон. Энэ нь яг наадмын 7 хоног таарч байгаа хэдий ч ирж, очихтойгоо нийлээд дор хаяж 4 хоног хичээлдээ сууж чадахгүй болсон.) эрт татгалзсан. Сууж чадахгүйгээ сонсоод их л гонсгор гэртээ амарч байгаад facebook дээрээс  BUOP-н тэтгэлэгийг олж харсан. Яагаад ч юм “За би суухаар болчлоо доо” гээд дотроо баярлаад байсан. Тэр шөнөдөөө эсээгээ бичиж, англи хэлрүү хөрвүүлсээр үүрийн 5 цаг болгож билээ.

Надад ярилцлаганд ороорой гэж утсаар мэдэгдэхэд би Эрдэнэтэд байлаа. Маргааш өглөө нь эрт хотруу яваад, өдөр нь ярилцлаганд орж тэнцсэн гэдэг хариу авсан даа J. Ингээд би SAT Subject Test Chemistry д үнэгүй сурахаар болсон.

Хими миний хувьд ганц дуртай хичээл буюу нэг ёсондоо ганц мэддэг хичээл маань юм. Тиймдээ ч SAT ийн хими надад амархан байх гэж бодсон ч заримдаа англиар нь буруу ойлгох, Монголд нэг их хэрэглэгддэггүй боловч заавал мэдэх ёстой шинэ ойлголтууд ч гарч ирж байсан. Бас химийн Анударь багшаасаа Америкт сурахын тулд яах ёстой талаар зөндөө зөвлөгөө ч авч байсан.

Одоо би шалгалтууддаа бэлдээд, хажуугаар нь сургуулиуддаа apply хийхээр төлөвлөж байна. Америкт сурах хүсэл минь нэг хэсэг унтраад байсан боловч үүнийг сэргээж өгсөн хүн бол Анударь багш. Тэр надтай курсээрээ бол чацуу л даа. Гэхдээ тэр өөрийнх нь сурдаг чиглэлээрээ дэлхийд шилдэг 10т ордог Columbia University д  биологийн чиглэлээр сурдаг. Бид нарт хичээл зааж дуусаад Бээжинд дадлага хийхээр явсан.  Надтай бараг чацуу боловч ийм мундаг яваад нь бахархаж бас өөрийгөө голж эхэлсэн. Тиймээс л одоо шалгалтанд бэлдээд л байж байна даа.

Би AMSA ийн гишүүд, Анударь багшдаа маш их баярлалаа гэж хэлмээр байна. Надад ганцхан химийн хичээл заагаад зогсоогүй, Америкт сурах талаар маш өргөн хүрээний мэдлэг өгч, энэ жил apply хийхэд маш их урам зориг өгсөн. Америкийн өөрийн хүссэн их сургуульдаа өөрийнхөө хүчээр тэтгэлэгтэйгээр тэнцээд АMSA ийн гишүүн болохыг хүсэж байна. Үүнийг уншиж байгаа таньд ч боломж байгаа гэдэгт итгэлтэй байна. Амжилт хүсье.

Миний сэтгэгдэлийг уншсанд баярлалаа.

  Г. Амаржаргалан / TOEFL iBT /          

 Mongolia International University 1р курс

Миний хувьд энэ хөтөлбөрийн тухай MYSP-2011 хөтөлбөрт хамрагдаж байхдаа анх мэдэж авсан. Тэгээд өнгөрсөн зун зохиогдоход нь санхүүгийн боломж тааруу байсан учраас нэг их сонирхохгүй байж байгаад нэг өдөр facebook page-ийг нь сонирхтол тэтгэлэг зарласан байсныг нь мэдсэн. Тэтгэлгийн Deadline-аас бараг 2 цагийн өмнө л мэдсэн болохоор шаардагдсан анкет материалыг маш хурдан бөглөж явуултал, ярилцлаганд уригдан улмаар хүсэж байсан тэтгэлгийг маань олгож, хамгийн гол шалгалтын нэг болох TOEFL-н ангид үнэгүй суусандаа маш их баяртай байгаа.

    Миний хувьд Америкийн их дээд сургууль гэдэг хүрч болшгүй хоосон мөрөөдөл мэт надаас дэндүү алс орших зүйл мэт санагддаг байсан. Урьд нь энэ тухай зүгээр л мөрөөдөж чаддаг байсан бол харин одоо зорилгоо болгон түүндээ хүрэхийн тулд хичээж байгаа. Миний мөрөөдлийг зорилго болгон өөрчилсөн тэр их хүч бол энэ хөтөлбөр болон монголын маань надтай адил мянга мянган сурагчдын үлгэр дууриалал, бодит жишээ болсон багш нар маань юм. Багш нараасаа маш их зүйлийг сурч, үнэхээр хичээвэл болдог гэдгийг, мөн юун дээр анхаарч, хэрхэн өөрийгөө бэлтгэх зэрэг хамгийн үнэтэй, хамгийн гол зөвлөмжийг авсандаа үнэхээр их талархаж байна.

   Сургалтын хувьд маш их таалагдсан, ялангуяа багш нартайгаа харилцахад илүү амар байдаг байсан. Мөн Office hour-ийн цаг бидэнд зориулж гаргадаг байсан нь маш их таалагдсан. TOEFL, SAT гээд шалгалтыг нь өгөх зориг ч байдаггүй байсан надад маш том итгэл, мөн мэдлэг олгосон. Тийм болохоор одоо үүн дээрээ суурилан эдгээр шалгалтуудыг өгөөд, цаашлан Америк руу их дээд сургууль, коллежуудад Apply хийхийг зорьж бэлтгэж байна.  Хэрэв энэ намар Apply хийгээд тэтгэлэг авж чадвал дараа жил Bachelor’s degree хамгаалахаар мөрөөдлийн орон Америкийг зорих төлөвлөгөөтэй байна.

BUOP-ийг зохион байгуулсан бүх багш нартаа маш их талархаж байгаагаа хэлмээр байна. Энэ хөтөлбөр миний амьдралд үнэхээр далайцтай нөлөө үзүүлж, юу хийх ёстойгоо ч мэдэхгүй хий хоосон мөрөөдөж явсан надад далавч өгсөн мэт л санагдаж байна. Та бүхний араас USA-г зорьж чадна хэмээн итгэж хичээх болно оо. Магадгүй нэг л өдөр энэ хөтөлбөрийн багш болох боломж ч бий байх. Улс эх орондоо хэрэгтэй сайн боловсон хүчин болохын төлөө, Америкийн боловсролыг эх орондоо авч ирэгсдийн нэг болохын төлөө бүх хүчээ дайчлах болно. Маш их баярлалаа.

Д. Биндэръяа  / Course for Application Process /

Монгол Энэтхэгийн хамтарсан сургууль

Би 2012 оны хавар дунд сургуулиа төгссөн. Ерөнхий шалгалтаа өгчихөөд удалгүй манай нэг эгч МУИС ийн 2р байранд Америкт яаж тэтгэлэгтэй суралцах талаар өдөрлөг болно гээд би баахан найзуудаа дагуулаад очиж сонирхсон. Өдөрлөг болон илтгэл тавьсан Америкт суралцаж байгаа хүүхдүүд бүгд их таалагдсан. Тэр өдөр надад бараг үгүй болж байсан итгэл найдварыг минь буцаан авчирсан. Энэ дашрамд өдөрлөг зохион байгуулсан бүх хүмүүст “Баярлалаа” гэдэг үгийг чин сэтгэлээсээ хэлье. Тэрхүү өдөрлөг дээр хүүхдэд BUOP д сурах тэтгэлэг зарлагдаж байгааг сонсоод шууд л өргөдөлөө өгөхийг хүссэн.

Тийнхүү би Application process буюу Америкийн сургуульруу хэрхэн өргөдөлөө өгөх вэ гэдэг хичээлд тэтгэлэгт хамрагдан суусан юм. Хичээл маань их ойлгомжтой, тодорхой мэдээлэлтэйгээр ордог байсан. Багш нартаа бүх мэддэг чаддаг бүхнээ бидэнтэй хуваалцсанд маш их баярлаж байгаа. Хичээл дээр байх явцад цаашид маш их шаргуу хичээллэх ёстой гэдэг мэдрэмж байнга л мэдрэгддэг байсан. Мөн хичээлдээ ирэх болгондоо маш их баяртай явдаг байв. Учир нь нэг ч болов алхамаар зорилгодоо хүрч буй мэт санагддаг байлаа. Харин хичээл тарах болгонд итгэл найдвар, зориг тэмүүлэл минь бүр их асаж бадардаг байв.

Америкт сурахын тулд бараг жилийн өмнөөс материалаа бүрдүүлж, шалгалтандаа бэлдэх хэрэгтэй байдаг болохоор хэрвээ та Америкт сурахыг хүсдэг бол одооноос яарах хэрэгтэй шүү. Миний хувьд би энэ намар apply хийж дараа намар Америкт суралцах зорилготой байгаа.

Г. Золжаргал /SAT Reasoning Test – Writing /

Шинэ Монгол бүрэн дунд сургуулийн 12-р ангийн сурагч

Үүрийн 4.30 минут..Евро-2012-ийн хагас шигшээ шатны тоглолт дөнгөж дуусаад байлаа.. Ихэнх фанатууд энэ үед орондоо орж унтаж байхад би гэрээсээ гарсан юм. Яагаад гэвэл өнөөдөр BUOP-2012 хөтөлбөрийн танилцуулга өдөрлөг болно. Нэг л унтчих юм бол сэрж чадахгүйгээ мэдэх тул сэргийлэх арга нь гадаа байх... өдөрлөгийн цаг ч дөхөхөд нэг мэдсэн амжиж очхооргүй болчихжээ! Сандраад л таксидсан чинь нэг мэдэхэд унтчихаж.. Хэн ч анзаараагүй байсан ч, уг өдөрлөгт очихын тулд 10 цагийн “нойрмог” адал явдал өнгөрсөн байсан юм. Харин тэндээс гарч явахдаа нэг л юм бодож байсан нь “Би заавал оролцох ёстой.” Тэгээд удаагүй байтал http://amsa.mn сайтаас BUOP хөтөлбөрийн зохион байгуулагчдын зүгээс зарласан тэтгэлгийн тухай уншлаа. Яагаад ч юм, зөвхөн надад л зориулсан мэт санагдсан уг тэтгэлгийн хүсэлт гаргах маягт нь хүртэл миний давуу тал болохоор бүтэцтэй санагдсан гээч! Асуултуудыг уншаад 1 хоног юу бичихээ бодлоо, маргааш нь ноороглолоо.. Зөвхөн 3 дахь өдрөө л бөглөсөн юм. Надад зөвхөн ганцхан хувь л байсан тэр цаасыг дэмий үрэхгүйн тулд тэр шүү дээ. Бичгийн хэсэгт тэнцсэн дүн гарч, хэд хоногын дараа ярилцлагын шалгалтанд дуудагдав. Анх ороход танихгүй 3 хүн өөдөөс хараад суучихсан, дахиад цаана нь 2-3 хүн Skype-р сонсож байгаа гэнэ ээ.. Сүрдэх шиг.. Одоо болтол тэр ярилцлаганд орох үеийнх шиг их сандарсан тохиолдол гарсангүй. 😛 ............. Үр дүн нь гарахад: Тийм ээ! Би тэнцчихэж!!! 😀 Сургалтын хувьд сэтгэл ханамж хангалттай сайн байсаан.. Миний сонгосон SAT- CR, SAT- WR ангийн багш нар болох П. Мягмарсүрэн, Б. Батжин хоёр яг л төсөөлж байсан шиг туршлагатай, энгийн сайхнаар хичээлээ заасан нь хангалттай үр дүнтэй байсан гэж хэлнэ ээ. Мөн уг хөтөлбөрийн бусад багш нар болох М. Буяннэмэх, А. Хулан, Д. Долзодмаа, Г Жавхлан-Очир, З. Болор-Эрдэнэ, Л. Энхжаргал, Б. Зулсар нар ч Америкын ИДС-д сурах хүсэлтэй Монгол оюутнуудад түүчээ болсон шилдэг багш нар байсан гэдэгт би одоо итгэлтэй байна. Баярлалаа! Та бүхний заасан замаар, тун удахгүй хойноос чинь очих BUOP-н олон олон сурагчдын нэг нь болно гэдэгтээ итгэлтэй байна. Zoljargal Gantumur contact@zoloogg.com September 19. 03:20 AM Ulaanbaatar, Mongolia

©2012 Америк дахь Монгол Оюутны Холбоо