АМОХ Бүх Гишүүдийн Хоёрдугаар Хурал

by

Хүндэт “Америк дахь Монгол Оюутны Холбоо”/АМОХ/-ны гишүүн таныг АМОХ-ны “Бүх Гишүүдийн Чуулга Уулзалт”-д урьж байна. Чуулга уулзалт маань2013 оны 11 дүгээр сарын 29-нөөс 30-ны Баасан, Бямба гарагуудад Массачусэттс мужийн Кэмбридж хотноо хоёр дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна.

Уулзалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг болон бүртгэлийн маягтыг доорх хаягнаас авна уу!

Нийтлэл таалагдсан бол бусадтай хуваалцаарай!

Америкийн шилдэг их дээд сургуулиудад суралцах нь

by

Америк дахь Монгол Оюутны Холбооны ээлжит ажил болох “Америкийн шилдэг их дээд сургуулиудад суралцах нь” ном 2014 оны 1 сарын эхээр гарах төлөвтэй байна. Тус ном нь АНУ-ын их дээд сургуулиудад элсэн ороход чиглэгдсэн мэдээ мэдээллүүдийг агуулж байгаагаас гадна шилдэг их дээд сургуулиудад суралцаж буй олон Монгол оюутнуудын туршлага, зөвлөмжүүдийг давхар хамтатган оруулснаараа ихэд онцлог болж байгаа юм.

 

Америкийн их дээд сургуулиудын элсэлт ихэвчлэн 1 болон 2 дугаар саруудад дуусдаг тул та одооноос шалгалтуудаа өгч, материалаа бүрдүүлж эхлэх хэрэгтэй бөгөөд тэр ч утгаараа энэхүү номыг 8 сарын эхээр амжин гаргахаар хичээж байгаа билээ. Номонд олон их дээд сургуулиудын Монгол оюутнууд туршлагаасаа хуваалцаж байгаагаас зарим сургуулиудыг дурьдвал:

 

  • Princeton University
  • Columbia University
  • Harvard University
  • Wesleyan University
  • Cornell University
  • Mount Holyoke College

 

зэрэг олон их дээд сургуулиудын оюутнууд байгаа юм. Тус номны талаар мэдээллүүдийг доорхи хаягуудаар цаашид хүргэх болно.

 

Америк дахь Монгол Оюутны Холбоо,

Нийтлэл таалагдсан бол бусадтай хуваалцаарай!

Дэлхийн шилдэг их дээд сургуулиудад сурдаг монголчуудын тоо өссөөр байна

by

Америк тэр тусмаа дэлхийн шилдгүүд гэгдэх Харвард, Принстон гэх мэтийн их дээд сургуульд суралцана гэдэг нь үнэхээр үлгэрийн гэж хэл болохоор мөрөөдөл мэт маш олон хүмүүс боддог. Магадгүй хэдхэн жилийн өмнө тодруулбал 2010 онд Хобби сургуулийн сурагч У.Билгүүн Харвардын их сургуульд тэнцэх хүртэл монгол хүн бүрт л энэ бүхэн биелэшгүй мэт санагддаг байсан байх. Гэтэл сүүлийн 3 жилийн дотор 2010 оноос хойш АНУ-н төдийгүй дэлхийн шилдэг их дээд сургуулийг зорих монгол оюутнуудын тоо маш ихээр нэмэгдсэн жишээлбэл Харвардын их сургуульд одоогоор 5, Массачусэтэсийн Технологийн Институт(MIT)-д 6, Броуны (Brown University )их сургуульд 2, Корнэллын (Cornell University) их сургуульд 4 монгол оюутан тус тус суралцаж байна. анхлан очиж эх орныхоо нэрийг дэлхийн шилдэгүүдтэй зэрэгцүүлэн авч явсан монгол залуучууд маань АМОХ буюу Америкын Монгол Оюутны холбоог байгуулжээ. Тус холбоо нь АНУ-д 4 жилийн их дээд сургуульд сурж байгаа монгол залуусаа нэгтгэж монголд байгаа
хойч үе дүү нартаа үлгэрлэн илүү олон олон монгол залуучуудыг дэлхийн шилдэг их дээд сургуульд элсэн ороход туслах зорилготой бөгөөд одоогоор 100 гаран гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Түүнчлэн тэд 2011 оноос хойш зун болгон Best University Opportunity Programm буюу Америкын их дээд сургуулиудад элсэн орох шалгалтанд бэлдэх 4 долоо хоногийн сургалт болон “Америкд сурцгаая” сургалт өдөрлөгийг зохион байгуулдаг. Энэхүү өдөрлөгийн гол зорилго нь монголдоо 10 жилийн сургуулиа төгчихөөд АНУ-н их дээд сургуулиудад ямар нэг зуучлалын байгууллагаар дамжуулалгүйгээр зөвхөн өөрийн хүчээр хэрхэн бэлдэж ямар ямар шалгууруудыг даван элсэн орох болон жилийн 40000-60000 долларын сургалтын төлбөрийн тэтгэлэг санхүүгийн дэмжлэгийг хэрхэн авах талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс гадна АМОХ-н гишүүн оюутнууд маань өөр өөрсдийн сурдаг сургуулиа танилцуулахад оршино. Өнгөрсөн жил зохион байгуулагдсан энэхүү өдөрлөгт Harvard University, Princeton University, MIT, Cornell University гэх мэтчилэн нийт 12 дэлхийн шилдэг их дээд сургуулиудын танилцуулга хийгдэж зуны амралтаараа ирсэн оюутнууд маань өдөрлөгт очсон эцэг эхчүүд болон сурагчидад нэг бүрчлэн тулж харьцаж асуусан асуултанд чөлөөтэй хариулан зөвлөгөө өгч байв. Тэгвэл энэ жилийн энэхүү өдөрлөг 6 сарын 22 өдөр Хөгжим Бүжгийн Коллежын Урлаг зааланд болохоор бэлтгэгдэж байгаа бөгөөд тус өдөрлөг дээр 4 оюутан илтгэл тавьж 17 сургуулийн 30 гаран оюутан өөрсдийн сурдаг сургуулиа танилцуулах юм байна.Харин сургалт нь 7.1 – 8.2 хооронд Хобби дунд сургуулийн байран дээр явагдана.

https://www.facebook.com/events/446690662094291/

https://www.facebook.com/pages/Best-University-Opportunity-Program/132682923476553?hc_location=stream

Нийтлэл таалагдсан бол бусадтай хуваалцаарай!

АМОХ-ны 2012 оны үйл ажиллагааны тайлан бэлэн боллоо

by

АМОХ-ны 2012 оны үйл ажиллагааны дэлгэрэнгүй тайлан бэлэн боллоо. Холбооноос маань 2012 оны туршид чамгүй их ажлыг амжилттай зохион байгуулсан билээ. Best University Opportunity Program 2012, бүх гишүүдийн Бостон дахь анхдугаар чуулган, Улаанбаатар хотын дунд сургуулиуд дээр тавигдсан илтгэлүүд, онлайн форум гээд олон олон ажлуудын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг тайлангаас авах боломжтой. Тайланг энд дарж үзнэ үү.

Нийтлэл таалагдсан бол бусадтай хуваалцаарай!

Эссэний зөвлөгөө

by

images

АМОХ-ноос 2013 оны намар Америкийн их дээд сургуулиудад өргөдлөө гаргаж буй оюутан залуустаа туслах зорилгоор элсэлтийн өргөдлийн гол хүчин зүйл болох эссэг хянан шалгаж зөвөлгөө өгөх аяныг зохион байгуулж байна. Өөрийн эссэг 12 сарын 30-наас өмнө namuun.bld@gmail.com гэсэн хаягаар ирүүлэх бөгөөд, ирүүлэхдээ өөрийн хамгийн сайн гэж бодсон нэг эссэ, бүтэн овог нэр, холбогдох хаяг /мэйл хаяг/, өргөдлөө өгч буй сургуулиудын нэрсийг хамт явуулна уу.
Жич: Хамгийн түрүүнд ирсэн 20 эссэг шалгах боломжтойг анхаарна уу.
Дэлгэрэнгүй мэдээллийг: namuun.bld@gmail.com

Нийтлэл таалагдсан бол бусадтай хуваалцаарай!

BUOP 2012 хөтөлбөрт тэтгэлэгт хамрагдсан сурагчид

by

Г. Чинбат  / Course for application process /

КТМС 2р курсын оюутан.

Энэ бол зам заагч яг л луужин шиг магадгүй бүр илүү яг л GPS шиг, Америкийн шилдэг их дээд сургуулиуд бидний зогсож байгаа цэгээс хэр хол байгааг харуулахын зэрэгцээ ямар ямар уул толгод тааралдах уу, тэднийг хаагуур нь яаж давж гарвал зүгээр вэ гэдгийг өөрсдийн болон бусад энэ хүү амжилтанд хүрсэн оюутан залуусын бодит туршлагаас үндэслэн зааж таниулж өгдөгөөс гадна тэдгээр оюутнууд нь өөрсдөө хүрэлцэн ирж суралцагчидтай туршлагаа хуваалцдаг.

 Миний хувьд BUOP хөтөлбөрийг  facebook ээ шалгаж байхдаа мэдсэн. Хэрвээ тэр үед тэтгэлэг зарлагдаагүй мөн хугацаа нь надад л зориулагдсан юм шиг нэг өдрөөр хойшлогдоогүй байсан бол би ийшээ зүглэхчгүй байсан байх. Яг 2 жилийн өмнө л сохроор ч гэсэн хамаагүй эхний алхамыг нь хийх ёстой байсан, миний зүрх сэтгэлийг хийсвэрээр ч гэсэн эзэмдээд байсан тэр хүсэл мөрөөдлөө хий хоосон зүйл болгохоор төөрчихөөд хаа хамаагүй үсчээд явж байсан намайг энэ хөтөлбөрийн зарлал, тэр Америкт сурч буй залуусын бахдмаар мэдээлэл мөрөөдлөө орхиж болохгүйг сануулах мэт л өөрлүүгээ далалсан.

Энэ сургалтнаас их зүйл сурсан төдийгүй боломжгүй гэж боддог байсан зүйлээ хэр боломжтой болохыг олж харах болсондоо их баяртай байна.  BUOP хөтөлбөрийн багш зохион байгуулагч нар нь сурагч нартаа энэ замыг таниулахаас гадна маш их урам зориг хайрлаж байсанд нь талархаж байна.

  Золбоо     /SAT Reasoning Test -Critical Reading /

  Mongolian International  University 2 р курсын оюутан

 

Энэ намар Америкийн их дээд сургуулиудад бүртгүүлэхээр зэхэн, шалгалтууддаа бэлдэж байна. Анх BUOP болон АНУ д яаж суралцах талаар одоогоор Харвардын их сургуульд суралцаж буй Билгүүний блог дээрээс мэдэж билээ. Тэр цагаас л миний АНУ д суралцахыг хүсэх томоохон зорилгын маань эхлэл тавигдсан. BUOP хөтөлбөрийн SAT Reasoning Test - Critical Reading ангид тэтгэлэг аван суралцсан ба түүнээс гадна өөрийн сонирхолын дагуу өөр гурван хичээлд давхар суусан. Хөтөлбөрт хамрагдахын өмнө шалгалтууддаа хаанаас нь эхэлж хэрхэн бэлдэх вэ, Америкт суралцах боломж хэр байна вэ гээд л олон асуултуудтай тулгарч гарлаа. Харин энэхүү хөтөлбөрт хамрагдсанаараа энэ бүх асуултынхаа хариуг олсон. BUOP ийн хамгийн их урам өгсөн хэсэг нь багш оюутнуудын долоо хоног бүрийн лекцүүд байлаа. Мөн энд багшилж буй бүх оюутнууд маань аль хэдийнээ бидэн шиг энэ давааг туулчихсан, одоо АНУ д суралцаж буй оюутнууд байдаг учир ямар ч асуулттай тулгарахад бүгдэд нь өөрсдийн туршлагаараа тусалж, хамгийн шилдэг дотны зөвлөгч нь болж чаддаг. Хамгийн гол нь энэхүү сургалаас олж авсан хамгийн том зүйл бол хүн аливаа зүйлийг хэдий чинээ хүсэж, түүндээ хүрэхийн төлөө тэмцэнэ, тэр чинээгээрээ бидний хичээл зүтгэл амжилт болон ирдэг юм байна гэдгийг ойлголоо.

А. Хонгорзул  / SAT Subject Test – Chemistry /

ЭМШИУС-ийн 2 р курсын оюутан

Анх BUOP хөтөлбөрийн талаар AMSA ийн вэбсайтнаас харчихаад шууд л явахыг хүсэж билээ. Яагаад гэвэл гадаадад сурна гэдэг тэр дундаа Америкт сурна гэдэг миний төдийгүй миний үеийн маш олон хүүхдүүдийн хүсэл мөрөөдөл.

Энэ сургалтанд суух хүсэлтэй байгаагаа ээждээ хэлтэл эхлээд зөвшөөрсөн боловч намайг дундуур нь 10 хоног хичээлдээ сууж чадахгүйгээ мэдээд (Би 7.8-17 ны хооронд Филлиппинд болсон Азийн Анагаахын Оюутны 33-р хуралд оролцсон. Энэ нь яг наадмын 7 хоног таарч байгаа хэдий ч ирж, очихтойгоо нийлээд дор хаяж 4 хоног хичээлдээ сууж чадахгүй болсон.) эрт татгалзсан. Сууж чадахгүйгээ сонсоод их л гонсгор гэртээ амарч байгаад facebook дээрээс  BUOP-н тэтгэлэгийг олж харсан. Яагаад ч юм “За би суухаар болчлоо доо” гээд дотроо баярлаад байсан. Тэр шөнөдөөө эсээгээ бичиж, англи хэлрүү хөрвүүлсээр үүрийн 5 цаг болгож билээ.

Надад ярилцлаганд ороорой гэж утсаар мэдэгдэхэд би Эрдэнэтэд байлаа. Маргааш өглөө нь эрт хотруу яваад, өдөр нь ярилцлаганд орж тэнцсэн гэдэг хариу авсан даа J. Ингээд би SAT Subject Test Chemistry д үнэгүй сурахаар болсон.

Хими миний хувьд ганц дуртай хичээл буюу нэг ёсондоо ганц мэддэг хичээл маань юм. Тиймдээ ч SAT ийн хими надад амархан байх гэж бодсон ч заримдаа англиар нь буруу ойлгох, Монголд нэг их хэрэглэгддэггүй боловч заавал мэдэх ёстой шинэ ойлголтууд ч гарч ирж байсан. Бас химийн Анударь багшаасаа Америкт сурахын тулд яах ёстой талаар зөндөө зөвлөгөө ч авч байсан.

Одоо би шалгалтууддаа бэлдээд, хажуугаар нь сургуулиуддаа apply хийхээр төлөвлөж байна. Америкт сурах хүсэл минь нэг хэсэг унтраад байсан боловч үүнийг сэргээж өгсөн хүн бол Анударь багш. Тэр надтай курсээрээ бол чацуу л даа. Гэхдээ тэр өөрийнх нь сурдаг чиглэлээрээ дэлхийд шилдэг 10т ордог Columbia University д  биологийн чиглэлээр сурдаг. Бид нарт хичээл зааж дуусаад Бээжинд дадлага хийхээр явсан.  Надтай бараг чацуу боловч ийм мундаг яваад нь бахархаж бас өөрийгөө голж эхэлсэн. Тиймээс л одоо шалгалтанд бэлдээд л байж байна даа.

Би AMSA ийн гишүүд, Анударь багшдаа маш их баярлалаа гэж хэлмээр байна. Надад ганцхан химийн хичээл заагаад зогсоогүй, Америкт сурах талаар маш өргөн хүрээний мэдлэг өгч, энэ жил apply хийхэд маш их урам зориг өгсөн. Америкийн өөрийн хүссэн их сургуульдаа өөрийнхөө хүчээр тэтгэлэгтэйгээр тэнцээд АMSA ийн гишүүн болохыг хүсэж байна. Үүнийг уншиж байгаа таньд ч боломж байгаа гэдэгт итгэлтэй байна. Амжилт хүсье.

Миний сэтгэгдэлийг уншсанд баярлалаа.

  Г. Амаржаргалан / TOEFL iBT /          

 Mongolia International University 1р курс

Миний хувьд энэ хөтөлбөрийн тухай MYSP-2011 хөтөлбөрт хамрагдаж байхдаа анх мэдэж авсан. Тэгээд өнгөрсөн зун зохиогдоход нь санхүүгийн боломж тааруу байсан учраас нэг их сонирхохгүй байж байгаад нэг өдөр facebook page-ийг нь сонирхтол тэтгэлэг зарласан байсныг нь мэдсэн. Тэтгэлгийн Deadline-аас бараг 2 цагийн өмнө л мэдсэн болохоор шаардагдсан анкет материалыг маш хурдан бөглөж явуултал, ярилцлаганд уригдан улмаар хүсэж байсан тэтгэлгийг маань олгож, хамгийн гол шалгалтын нэг болох TOEFL-н ангид үнэгүй суусандаа маш их баяртай байгаа.

    Миний хувьд Америкийн их дээд сургууль гэдэг хүрч болшгүй хоосон мөрөөдөл мэт надаас дэндүү алс орших зүйл мэт санагддаг байсан. Урьд нь энэ тухай зүгээр л мөрөөдөж чаддаг байсан бол харин одоо зорилгоо болгон түүндээ хүрэхийн тулд хичээж байгаа. Миний мөрөөдлийг зорилго болгон өөрчилсөн тэр их хүч бол энэ хөтөлбөр болон монголын маань надтай адил мянга мянган сурагчдын үлгэр дууриалал, бодит жишээ болсон багш нар маань юм. Багш нараасаа маш их зүйлийг сурч, үнэхээр хичээвэл болдог гэдгийг, мөн юун дээр анхаарч, хэрхэн өөрийгөө бэлтгэх зэрэг хамгийн үнэтэй, хамгийн гол зөвлөмжийг авсандаа үнэхээр их талархаж байна.

   Сургалтын хувьд маш их таалагдсан, ялангуяа багш нартайгаа харилцахад илүү амар байдаг байсан. Мөн Office hour-ийн цаг бидэнд зориулж гаргадаг байсан нь маш их таалагдсан. TOEFL, SAT гээд шалгалтыг нь өгөх зориг ч байдаггүй байсан надад маш том итгэл, мөн мэдлэг олгосон. Тийм болохоор одоо үүн дээрээ суурилан эдгээр шалгалтуудыг өгөөд, цаашлан Америк руу их дээд сургууль, коллежуудад Apply хийхийг зорьж бэлтгэж байна.  Хэрэв энэ намар Apply хийгээд тэтгэлэг авж чадвал дараа жил Bachelor’s degree хамгаалахаар мөрөөдлийн орон Америкийг зорих төлөвлөгөөтэй байна.

BUOP-ийг зохион байгуулсан бүх багш нартаа маш их талархаж байгаагаа хэлмээр байна. Энэ хөтөлбөр миний амьдралд үнэхээр далайцтай нөлөө үзүүлж, юу хийх ёстойгоо ч мэдэхгүй хий хоосон мөрөөдөж явсан надад далавч өгсөн мэт л санагдаж байна. Та бүхний араас USA-г зорьж чадна хэмээн итгэж хичээх болно оо. Магадгүй нэг л өдөр энэ хөтөлбөрийн багш болох боломж ч бий байх. Улс эх орондоо хэрэгтэй сайн боловсон хүчин болохын төлөө, Америкийн боловсролыг эх орондоо авч ирэгсдийн нэг болохын төлөө бүх хүчээ дайчлах болно. Маш их баярлалаа.

Д. Биндэръяа  / Course for Application Process /

Монгол Энэтхэгийн хамтарсан сургууль

Би 2012 оны хавар дунд сургуулиа төгссөн. Ерөнхий шалгалтаа өгчихөөд удалгүй манай нэг эгч МУИС ийн 2р байранд Америкт яаж тэтгэлэгтэй суралцах талаар өдөрлөг болно гээд би баахан найзуудаа дагуулаад очиж сонирхсон. Өдөрлөг болон илтгэл тавьсан Америкт суралцаж байгаа хүүхдүүд бүгд их таалагдсан. Тэр өдөр надад бараг үгүй болж байсан итгэл найдварыг минь буцаан авчирсан. Энэ дашрамд өдөрлөг зохион байгуулсан бүх хүмүүст “Баярлалаа” гэдэг үгийг чин сэтгэлээсээ хэлье. Тэрхүү өдөрлөг дээр хүүхдэд BUOP д сурах тэтгэлэг зарлагдаж байгааг сонсоод шууд л өргөдөлөө өгөхийг хүссэн.

Тийнхүү би Application process буюу Америкийн сургуульруу хэрхэн өргөдөлөө өгөх вэ гэдэг хичээлд тэтгэлэгт хамрагдан суусан юм. Хичээл маань их ойлгомжтой, тодорхой мэдээлэлтэйгээр ордог байсан. Багш нартаа бүх мэддэг чаддаг бүхнээ бидэнтэй хуваалцсанд маш их баярлаж байгаа. Хичээл дээр байх явцад цаашид маш их шаргуу хичээллэх ёстой гэдэг мэдрэмж байнга л мэдрэгддэг байсан. Мөн хичээлдээ ирэх болгондоо маш их баяртай явдаг байв. Учир нь нэг ч болов алхамаар зорилгодоо хүрч буй мэт санагддаг байлаа. Харин хичээл тарах болгонд итгэл найдвар, зориг тэмүүлэл минь бүр их асаж бадардаг байв.

Америкт сурахын тулд бараг жилийн өмнөөс материалаа бүрдүүлж, шалгалтандаа бэлдэх хэрэгтэй байдаг болохоор хэрвээ та Америкт сурахыг хүсдэг бол одооноос яарах хэрэгтэй шүү. Миний хувьд би энэ намар apply хийж дараа намар Америкт суралцах зорилготой байгаа.

Г. Золжаргал /SAT Reasoning Test – Writing /

Шинэ Монгол бүрэн дунд сургуулийн 12-р ангийн сурагч

Үүрийн 4.30 минут..Евро-2012-ийн хагас шигшээ шатны тоглолт дөнгөж дуусаад байлаа.. Ихэнх фанатууд энэ үед орондоо орж унтаж байхад би гэрээсээ гарсан юм. Яагаад гэвэл өнөөдөр BUOP-2012 хөтөлбөрийн танилцуулга өдөрлөг болно. Нэг л унтчих юм бол сэрж чадахгүйгээ мэдэх тул сэргийлэх арга нь гадаа байх... өдөрлөгийн цаг ч дөхөхөд нэг мэдсэн амжиж очхооргүй болчихжээ! Сандраад л таксидсан чинь нэг мэдэхэд унтчихаж.. Хэн ч анзаараагүй байсан ч, уг өдөрлөгт очихын тулд 10 цагийн “нойрмог” адал явдал өнгөрсөн байсан юм. Харин тэндээс гарч явахдаа нэг л юм бодож байсан нь “Би заавал оролцох ёстой.” Тэгээд удаагүй байтал http://amsa.mn сайтаас BUOP хөтөлбөрийн зохион байгуулагчдын зүгээс зарласан тэтгэлгийн тухай уншлаа. Яагаад ч юм, зөвхөн надад л зориулсан мэт санагдсан уг тэтгэлгийн хүсэлт гаргах маягт нь хүртэл миний давуу тал болохоор бүтэцтэй санагдсан гээч! Асуултуудыг уншаад 1 хоног юу бичихээ бодлоо, маргааш нь ноороглолоо.. Зөвхөн 3 дахь өдрөө л бөглөсөн юм. Надад зөвхөн ганцхан хувь л байсан тэр цаасыг дэмий үрэхгүйн тулд тэр шүү дээ. Бичгийн хэсэгт тэнцсэн дүн гарч, хэд хоногын дараа ярилцлагын шалгалтанд дуудагдав. Анх ороход танихгүй 3 хүн өөдөөс хараад суучихсан, дахиад цаана нь 2-3 хүн Skype-р сонсож байгаа гэнэ ээ.. Сүрдэх шиг.. Одоо болтол тэр ярилцлаганд орох үеийнх шиг их сандарсан тохиолдол гарсангүй. :P ............. Үр дүн нь гарахад: Тийм ээ! Би тэнцчихэж!!! :D Сургалтын хувьд сэтгэл ханамж хангалттай сайн байсаан.. Миний сонгосон SAT- CR, SAT- WR ангийн багш нар болох П. Мягмарсүрэн, Б. Батжин хоёр яг л төсөөлж байсан шиг туршлагатай, энгийн сайхнаар хичээлээ заасан нь хангалттай үр дүнтэй байсан гэж хэлнэ ээ. Мөн уг хөтөлбөрийн бусад багш нар болох М. Буяннэмэх, А. Хулан, Д. Долзодмаа, Г Жавхлан-Очир, З. Болор-Эрдэнэ, Л. Энхжаргал, Б. Зулсар нар ч Америкын ИДС-д сурах хүсэлтэй Монгол оюутнуудад түүчээ болсон шилдэг багш нар байсан гэдэгт би одоо итгэлтэй байна. Баярлалаа! Та бүхний заасан замаар, тун удахгүй хойноос чинь очих BUOP-н олон олон сурагчдын нэг нь болно гэдэгтээ итгэлтэй байна. Zoljargal Gantumur contact@zoloogg.com September 19. 03:20 AM Ulaanbaatar, Mongolia

Нийтлэл таалагдсан бол бусадтай хуваалцаарай!

BUOP хөтөлбөрийн тэтгэлэг зарлагдлаа!

by

Америк дахь Монгол Оюутны Холбоо, “Best” сургалтын төвтэй хамтран зохион байгуулж буй BUOP хөтөлбөрийг олон хүүхэд залууст тэр дундаа Америкт өндөр боловсролыг оюуныхаа хүчээр эзэмшихийг хүсч буй чадварлаг оюутан сурагчиддаа хүргэх зорилгоор 3-4 сурагчид BUOP хөтөлбөрийн сургалтын төлбөрөөс чөлөөлөх тэтгэлэг олгохоор болсныг дуулгахад таатай байна.

Тус тэтгэлгийг тухайн сурагчийн гаргасан амжилт, хүсэл зорилго болон ар гэрийн байдал дээр үндэслэн олгох юм. Тэтгэлэг хамрагдагчдыг хоёр үе шатаар шалгаруулах бөгөөд эхний шатанд энд хавсаргасан өргөдлийг 6 сарын 21-ны 18:00 цагаас өмнө бөглөж ирүүлснээр хамрагдах боломжтой. АМОХ 2-р шатанд тэнцсэн сурагчидтай холбоо барьж ярилцлаганд орох урилга хүргүүлэх бөгөөд, тэтгэлэгт хамрагдахаар болсон сурагчдыг эцсийн байдлаар 6 сарын 24-нд буюу хичээл эхлэх өдрийн өмнө зарлах юм.

Жич: Өргөдлийг МТҮПарк 3 давхарт 307 тоотод Best сургалтын төвийн байранд болон administration@amsa.mn гэсэн хаягуудаар ирүүлж болно. Хоцорч ирүүлсэн өргөдлийг хүлээж авах боломжгүй бөгөөд шалгаруулалтын 2-р шатанд хамруулахгүй болохыг анхаарна уу.

Холбогдох утас: 9444 – AMSA (2672)

Имэйлээр холбогдох бол энэхүү сайтын “Холбоо барих” хэсэг дахь маягтыг бөглөнө үү.

Нийтлэл таалагдсан бол бусадтай хуваалцаарай!

Зуны BUOP хөтөлбөрийн багш нар тодорлоо

by

Сурагч оюутнууддаа хамгийн үр бүтээлтэй хөтөлбөрийг зохион байгуулах зорилгоор Best University Opportunity Program нь зааж буй хичээл бүртээ өндөр туршлагатай, тухайн хичээлийнхээ шалгалтан дээр маш өндөр оноо авсан багш нараар хичээлүүдээ заалгадаг билээ. Энэ зуны хөтөлбөртөө Best төв нь АМОХ-той хамтран ажиллаж байгаа бөгөөд АМОХ-ны шилдэг гишүүд хөтөлбөрийн багш зохион байгуулагч нараар ажиллахаар болоод байна. Хөтлбөрийн багш нарын тухайх дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

Нийтлэл таалагдсан бол бусадтай хуваалцаарай!

Америкийн шилдэг их дээд сургуулиуд Монгол оюутнуудыг авч эхэллээ!

by

           800 жилийн тэртээ Монгол морины туурайн мөр үлдээгүй газар тун багахан байсан бол өдгөө харин Монгол хүмүүсийн оюуны мэлмий хараахан хүрч амжаагүй дэлхийн шилдэг сургуулиудын тоо асар их байсаар байгаа нь нууц биш юм. Тухайлбал бидний их л өрөвдөнгүй ярьдаг Африкийн орнуудаас Америкийн шилдэг их дээд сургуулиудад суралцах оюутны тоо Монгол оюутны тооноос хэд дахин илүү байдаг гэдэг бараг л хилсдэхгүй хэрэг.

Read More

Нийтлэл таалагдсан бол бусадтай хуваалцаарай!

Америкийн шилдэг дээд сургуулиудад apply хийх буюу элсэх өргөдлөө явуулах нь; Үндсэн мэдэгдэхүүн

by
Harvard Yard-ийн ойролцоох оюутны байрнууд

Harvard Yard-ын ойролцоох оюутны байрнууд

 Энэхүү нийтлэлийг Америкт сурна гээд шийдчихсэн юм уу сурах талаар эргэцүүлэн бодож байгаа боловч яаж сургуульдаа орохоо сайн мэдэхгүй байгаа хүмүүст зориулж байна. Америкийн сургуулиудын элсэлтийн талаар, мөн тэтгэлэг хэрхэн олох тухай ерөнхий ойлголттой болох гэсэн хэн бүхэнд ч бас сонирхолтой байх байх аа.

   Америк дахь сургуулиудын элсэлтийн гол онцлог нь хүүхдүүдээ сонгон авах шалгаруулалтых нь бүхэлчилсэн (holistic) шинж чанарт оршино. Энэ нь шалгаруулалтанд аливаа нэг үзүүлэлт – тестийн  оноо, дүн, хичээлээс гадуурх үйл ажиллагаа, ярицлага г.м. – дангаараа хүүхдийг элсүүлэх эсэхийг шийддэггүй, харин бүх үзүүлэлтүүд нэгдэж байгаад хүүхдийн хувь заяаг тодорхойлдог гэсэн үг юм. Тэгэхээр дан ганц “тасархай” тестийн оноо юм уу, сургуульдаа авч байсан онцууд шилдэг сургуульд ороход хангалтгүй байх нь ээ.
  Үүнээс гадна, Америкийн их дээд сургуулиуд гадаад дотоодын хүүхдүүдэд сурагчийн санхүүгийн байдлаас хамааран тэтгэлэг өгдгөөрөө бусад орнуудын сургуулиудаас ялгаатай. Гадаадын сурагчдад тэтгэлэг олдох нь дотоодын хүүхдүүдэд олдохоос хавигүй хэцүү боловч үнэхээр чадалтай, сайн хүүхдэд бол мөнгөний асуудал бараг огт гарахгүй гэж хэлж болно. Жишээлбэл Америкийн хэд хэдэн сургуульд жилийн 60 000$-оос бага өрхийн орлоготой айлын хүүхэд тэнцчих л юм бол бүх зардлыг нь (сургалтын төлбөр, байр хоолны мөнгө, онгоцны билетний үнэ) сургууль нь даадаг жишиг бий. Цөөнгүй Монгол сурагчид ийнхүү тэтгэлэг аваад Америкт сурч байна.
 Одоо сургуулиуд голчлон ямар үзүүлэлтүүд дээр тулгуурлан элсүүлэх хүүхдүүдээ сонгодгийг тайлбарлаад тэтгэлэг хэрхэн олох талаар бичих болно.

  • Шалгалтууд
   Элсэлтийн процессд эзлэх жингээр нь хувьчилбал ойролцоогоор 30-40% болно. Монголчууд бидний эртний танил, TOEFL, IELTS-ийн шалгалууд нь Америкийн “энгийн” дээд сургуулиудад төдий их тэтгэлэг авалгүйгээр ороход хангалттай боловч шилдэг сургуулиудад, их хэмжээний тэтгэлэг аваад оръё гэвэл SAT Reasoning Test (эсвэл ACT) гэх шалгалтыг бас өгөх хэрэг гарна. Энэ нь TOEFL-ийн (эсвэл IELTS) шалгалт зөвхөн хэлний мэдлэгийг л шалгадагтай холбоотой. iBT TOEFL дээрх 100 оноо нь тухайн хүнийг Англи хэлэндээ сайн гэдгийг л харуулна уу гэхээс өөр мэдээлэл өгч чаддаггүй. Харин SAT нь тоо бодох, сэтгэх чадварыг шалгаад сургуулиудад өргөдөл гаргагчийн, нэг ёсондоо, оюуны “потенциал”-ыг харуулдаг. Тиймээс TOEFL дээр сургуулийнх нь шаардаж байгаа босго оноонд хүрчихэд л хангалттай байдаг бол, SAT дээр аль болохоор л өндөр оноо авах хэрэгтэй байна. Энэ хоёр шалгалтаас гадна бас зарим сургуулиуд SAT Subject Test буюу хичээлээ сонгоод өгдөг SAT шалгалт өгөхийг шаардана. Энд нь 20 төрлийн хичээлийн Subject Test-ээс 2-ийг нь сонгоод сайн өгчихөд хангалттай.
  • Эсээ
   Элсэлтийн процесст эзлэх жингээрээ шалгалтуудтай бараг эн тэнцүү. Шалгалтууд нь хүүхдийг тоон “механик” утгаар илэрхийлдэг бол эсээ нь хүүхдийн өргөдөлд “амь оруулж” түүнийг бусад хүүхдүүдээс ялгаж өгөх гол зүйл нь болно. Бусад хүүхдүүдээс онцгойрч харагдах нь нийт 30 000 гаруй өргөдөл гаргагчдаас 6%-ийг нь л сонгож авдаг Харвард шиг сургуульд тун чухал. Эс тэгвээс өргөдөл чинь өндөр оноотой арваад мянган хүүхдүүдийн өргөдөл дунд замхраад л мартагдчихна. Хэрвээ шалгалтын чинь оноонууд бас төдийлөн сайн биш байгаа бол сонирхолтой бөгөөд өвөрмөц эсээгээр оноогоо “нөхчих” боломжтой.
  • Дүн, багш нарын тодорхойлолт, хичээлээс гадуурх үйл ажиллагаанд оролцсон байдал, тэмцээн уралдаан г.м.

Үлдсэн 30-40% нь ерөнхийдөө дээр дурьдсан зүйлсээс хамаарна. Дүнгүүд 9-11-р ангид C-гүй, ихэвчлэн A байхад болоод явчихна.

  Багш нараас авах тодорхойлолтууд нь Монголд бичээд заншсан тодорхойлолт шиг (“Болд нь Улаанбаатар хотод 1992 онд төрж, 4-н настайдаа цэцэрлэгт орсон … Болд манай тэргүүний сурагч …”) байж болохгүй! Аль болох чамайг хувь хүн талаас нь ямар вэ гэдгийг харуулсан, өргөдлийн чинь өөр газар байхгүй, зөвхөн багш хүний орж харах зүйлсийг бичвэл тодорхойлолтын хэрэг сая нэг гарна.
   Мөн коллежүүд, хичээлээ хийгээд байхаас гадна нийгмийн идэвхтэй, удирдагч, дугуйлангаар өөрийгөө байнга хөгжүүлж байдаг, эсвэл спортоор хичээллэдэг хүүхдүүдэд дуртай. Энэ нь нэлээд чухал бөгөөд зөвхөн хичээлээ хийгээд суудаг хүүхдийн сургуульд орох магадлал эрс буурна.
   Мэдээж төрөл бүрийн тэмцээн уралдаанд байр эзэлж байсан бол тэр чинь тус болно. Тэмцээн нь улсын, эсвэл олон улсын хэмжэнийх бол бүр сайн.
    Эдгээрээс гадна өөр ямар ч зүйлийг өөрийгөө илүү таниулахын тулд ашиглаж болно. Төсөл зохиосон байх, ажил хийдэг байх, өвөрмөц хоббитой байх гээд л зөндөө зүйлээр өөрийгөө бусдаас онцгойруулах боломжтой.
  • Тэтгэлэг
   Америкт элсэж ороход хамгийн хэцүү сургуулиуд нь хамгийн баян байдаг болохоор их тэтгэлэг өгдөг бол, элсэж ороход илүү амар сургуулиуд нь тэтгэлэг өгөх бололцоо багатай байдаг. Тэгэхээр ерөнхийдөө тэтгэлэг олоход хэцүү гэж хэлж болно. Гэхдээ хичээвэл боломж мэдээж зөндөө бий.
   Мөн урьд дурьдсанчлан тэтгэлгийн хэмжээг тогтоохдоо ихэнхдээ дүн, шалгалтын оноог биш өрхийн орлогыг харгалзана. Жилийн 200 000$-оос дээш орлоготой айлын хүүхдэд тэтгэлэг бараг өгөхгүй бол 60 000$-аас доош орлоготой айлын сурагчид бол бүх зардлыг нь төлөөд өгчихнө.
  Гэхдээ энэ нь элсэгчдийнхээ мөнгөний бүх хэрэгцээг хангана гэсэн (100% of need met) сургуулиудад л зөвхөн хамаатай. Ийм сургуулиуд Америкт нэлээд олон байна.
   Үүний дээр бас Need-blind болон Need-aware гэсэн тодотголтой сургуулиуд байна. Need-aware сургууль нь тухайн сурагч хэр их мөнгө төлж чадахыг нь харгалзаж үзсэний үндсэн дээр сурагчийг элсүүлэх эсэх шийдвэрээ гаргадаг бол Need-blind сургуульд тухайн сурагч хэр их мөнгө төлж чадах нь сонин биш байдаг бөгөөд аль болохоор хамгийн шилдэг хүүхдүүдийг л сонгож авахыг боддог. Харамсалтай нь, гадаад хүүхдүүдэд Need-blind байдаг хэдхэн л сургууль байгаа ба тэдгээр нь Америкт элсэн ороход хамгийн хэцүү сургуулиудын тоонд орно.
   Энэ нийтлэлд бас элсэлтийн процесс жил бүрийн 9-р сарын үеээс эхлээд 12-р сарын төгсгөл хүртэл явагддагийг хэлэх хэрэгтэй байх. Энэ хэдэн сарын туршид өргөдлөө бөглөөд дуусгачихвал сургуулиуд руугаа явуулчихаж болно. Харин тэтгэлэгт (financial aid) хамрагдах өргөдлөө ихэнх сургуулиуд 2-р сар болтол хүлээн авдаг.
   За, ингээд ер нь Америкийн сургуулиуд руу элсэн орох талаар ерөнхий ойлголттой болсон байх гэж найдаж байна. Цаашид энэ нийтлэлд дурьдагдсан зөндөө сэдвээр дэлгэрэнгүй бичих байх. Тэр болтол асуух зүйл байвал сэтгэгдэл үлдээх хэсэгт асуултаа үлдээчихэж болно шүү.
-У.Билгүүн
Нийтлэлийн эх хувилбарыг :

Нийтлэл таалагдсан бол бусадтай хуваалцаарай!

©2012 Америк дахь Монгол Оюутны Холбоо

Нийтлэл таалагдсан бол бусадтай хуваалцаарай!